Ногоон алт төсөл: Монгол сарлагийг сурталчилсан "Сарлаг" наадам

Local news, 27.07.2015

2015 оны 7 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн Цагаан нуурын хөвөөнд Сарлаг наадам буюу Сарлагийн баярыг малчид, нутгийн иргэд, сарлагийн хөөвөр боловсруулагчид хамтдаа тэмдэглэв.

yakfestival
Монгол сарлаг наадам нь сарлагийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, малчдыг үндэсний үйлдвэрлэгчидтэй холбох, мөн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. © SDC

Архангай аймаг нийт 150,000 сарлагтай ба энэ нийт малын 20 хувийг эзэлдэг байна. Нутгийн малчид жилдээ 20,000 гаруй тонн сарлагийн цэвэр хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Тиймээс энэ жил тус аймгийг түшиглэн “Монгол сарлаг” баярыг Архангай аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгийн газар (ЗДТГ), Тариат сумын ЗДТГ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл хамтран зохион байгууллаа.

Орон нутгийн эдийн засаг, хөгжлийг дэмжинэ

Малчдад сарлагийн үнэт түүхий эд хөөвөр, сүү, хялгас зэрэг бүтээгдэхүүний бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг харуулах, сарлаг маллах уламжлалт арга ухаан, түүх, соёлын өвийг сурталчлах, малчид, малчдын хоршоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хооронд харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт олон зорилго, ач холбогдолыг агуулсан тус үйл ажиллагаанд нийт 3000 орчим хүн оролцсон байна.

“Сарлагийн соёлыг бий болгох, аялал жуулчлалтай холбож энэ бүсэд жууулчдыг татахад энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой” гэж Архангай аймгийн Тариат сумын засаг дарга Г. Алтан-Очир онцлов.

Архангай аймгийн малчид сарлагийн хөөврийг самнах шинэ технологийн арга сурснаар үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг хөөврийн чанар болон хэмжээ нь илт сайжирсан байна.

Сарлаг нь Монгол улсын Хангайн бүсийн өндөр ууланд нутагладаг, цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицсон, тэсвэр хатуужилтай амьтан юм. Тиймээс сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн дулаан нэвтрүүлэх болон хадгалах чанартай төдийгүй ямааны ноолуур мэт хөнгөн зөөлөн, эдэлгээ удаантай байдаг байна.

Сарлагийн хөөврийн үндсэн өнгөнууд нь цайвар, хар, бор хүрэн байдаг ба орчин үед зохицсон өнгө загварын хувцас хийхэд тохиромжтой байдаг.  Сарлагаас дан ганц хөөвөр гэлтгүй сайн чанарын олон түүхий эд гарган авдаг. Сарлагийн сүүний өрөм нь тослог, амт чанартай байдаг бол сарлагийн сүүл, хялгасаар хийсэн гэр ахуйн бүтээгдэхүүн нь эдэлгээ урттай, бат бөх болдог байна. 

Сарлаг наадмын үеэр зохиогдсон сонирхолтой арга хэмжээ

Хамгийн сайхан сарлаг, хамгийн их сүүтэй сарлагийн үнээ, хамгийн сайхан чимэг, тоногтой сарлаг гэх хамгийн хамгийн-уудаа шалгаруулах уралдаанд нийт 120 орчим сарлаг оролцлоо.

Малчдын дунд зохион байгуулсан “Сарлагийн түүхий эд материалаар хамгийн хийц сайтай гар урлалын бүтээгдэхүүн”, “Хамгийн амттай, өнгө үзэмж сайтай сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Хамгийн олон сарлагийн тэрэг хөлөглөж ирсэн баг”, “Хамгийн их хөөвөр бэлтгэсэн хоршоо”, “Сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн” зэрэг шалгаруулалтанд нийт 100 гаруй малчид оролцож ур ухаан, авъяас чадвараа сорьсон байна.

Эдгээр уралдаан тэмцээнийг үндэсний ноос ноолуур, хөөвөр боловсруулагч Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор кашмер ХХК, Жинст мөрөн ХХК, Монгол нэхмэл ХХК, Алтай кашмер ХХК, Английн “Тэнгри” зэрэг компаниуд ивээн тэтгэжээ. Эдгээр компаниуд сарлагийн хөөврөөр урласан сүүлийн үеийн шинэ, шилдэг загваруудаа танилцуулав.

Сүү цагаан идээ болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, бусад гар урлалын бүтээгдэхүүн зарж борлуулсан малчид нэг өдөрт нийт 10.200.000 төгрөгийн орлого олжээ. Харин баярт оролцсон нийт үйлдвэрлэгчид 7.100.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёр жуулчны бааз тус фестивалд жуулчдыг татан оролцуулах, урлаг соёлын арга хэмжээг ивээн тэтгэлээ.

ШХА-н Ногоон алт төсөл нь 2004 оноос баруун 7 аймагт хэрэгжин бэлчээрийн зохистой ашиглалт хамгаалалтыг сайжруулах, малчид, орон нутгийн төрийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, малчдын бэлчээр ашиглалтын хэсэг, хоршоог дэмжих, хөдөө аж ахуйн шинэ арга технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, малчдыг зах зээлтэй холбох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  www.greengold.mn хаягаар орно уу.

Local news,

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт болох эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлэх “Усгал” тоглолтыг швейцарь, монгол, америк уран бүтээлчид хамтран толилуулна.

dance-project
"Усгал"- орчин үеийн бүжгэн жүжиг жендерийн хэвшмэл ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг хүүрнэнэ. © SDC

“Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 19 цагаас Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд толилуулах гэж байна.

Уг бүтээлээр, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцлыг авчрахын сацуу УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэлийг өгүүлнэ.

Монгол авьяасыг дэмжих, хүний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү төслийг Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэв.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, кино найруулагч Ш. Ихбаяр, Швейцарийн хөгжимчин Маттю Мишель болон Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл зэрэг олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулага, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, шинэлэг, онцгой бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг нь “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Мөн тус төслийн хүрээнд “Урлагтай яриа” хэлэлцүүлгийг 2015 оны 12-р сарын 17-нд зохион байгуулах ба тус хэлэлцүүлэгийн үеэр уран бүтээлчид болон хүйсийн тэгш харицаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаар мэргэжлийн хүмүүс ярилцана.