А. Туяа: Тогтвортой хөгжлийн боловсрол өв тэгш Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Press releases, 23.09.2015

Швейцарийн хөгжлийн агентлаг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-тай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын боловсролын салбар дахь шинэчлэлийн нэгээхэн хэсэг болох суурь боловсролын цөм хөтөлбөрийг шинэчлэн баталж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгаж, нэвтрүүлсэнтэй холбоотойгоор БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А. Туяатай ярилцлаа.

esd
БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А. Туяа © SDC

Энэ хичээлийн жилээс дунд сургуулийн сурагчид шинэчилсэн цөм хөтөлбөрийн дагуу хичээллэж байгаа. Энэхүү шинэчлэлийн зорилго, харааг та дэлгэрэнгүй танилцуулна уу?

Монгол Улсын боловсролын салбарт томоохон шинэчлэлүүд хийгдэж байна. 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжсэнийг бид мэднэ.  2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн боловсролын түвшин бүрийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин, үнэлгээ, багшийн хөгжил, сургуулийн удирдлага менежмент гэхчилэн бүхий л талаас нь шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж үе шаттайгаар хэрэгжүүлж  байна. Мөн 2015  онд Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж Улсын их хурал батлан хэрэгжиж эхлээд байна. Энэхүү бодлогоор хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд тохирсон сургалтыг чухалчлах бөгөөд мэдлэгт суурилсан онолын сургалтаас илүү хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний хэрэгцээнд суурилж чадвар төлөвшүүлэх боловсролын бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Бага боловсролын бодлогын шинэчлэл нь хүүхэд бүрийн авъяасыг нээн илрүүлж, түүнд тургуурласан амьдрах ухаан, хэл яриа, танин мэдэхүйн чадвар олгох боломжийг нь багшид өгөхөд түлхүү анхаарсан. Суурь боловсролын хүрээнд хүүхдэд бие даан суралцах арга ухааныг эзэмшүүлж, шинжлэх ухааны суурь боловсрол, амьдрах ухааны боловсрол олгоход түлхүү анхаарч байна. Ахлах болосвролын хувьд хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжил, боловсролтой уялдсан уян хатан сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримталж байна.

2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөрийг туршиж, энэ жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ, ахлах боловсролын цөм хөтөлбөрийн туршилтыг хийж байна.

Аливаа шинэ зүйлийг үр дүнд харахад цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ л эхний үр дүнгээс харахад хүүхэд илүү нээлттэй, багш нартайгаа чөлөөтэй харилцдаг, бие даасан, илүү бүтээлч болж байна. Аливаа үйл ажиллагаанд хүүхдүүд өөрсдөө оролцож, хийнгээ суралцдаг арга зүйтэй болж байна.

Энэ шинэчлэлдээ Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын үзэл санааг хэрхэн нэвтрүүлж, уялдуулж байгаа вэ?

Монгол улсын Засгийн газраас 1997 онд батлан хэрэгжүүлсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт ТХБ-ын чиг хандлагыг байгалтай зохицон амьдрах, байгаль орчноо хайрлан хамгаалж, сайжруулах, эрүүл аж төрөхүйд суралцах, байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглахад суралцах, байгалийн сайхныг үнэлэх, хүндэтгэх гэж тодорхойлон ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид сургалтын хувьсах агуулгын хүрээнд 1998 оноос экологийн хичээлийг судалж эхэлсэн байна. 2005 онд баталсан Ерөнхий болосвролын стандартад ТХБ-ын үзэл санааг тусгасан санаачлагууд гарсан. Харин 2009 оноос 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор шинэчилсэн хичээлийн хөтөлбөрүүддээ ТХБ-ын үзэл санааг оруулах алхмууд хийгджээ. Үүний хэрэгжилтийг үзэхээр 2013-2014 онд үндэсний хэмжээний суурь судалгааг хийхэд ТХБ-ын үзэл санаа ялангуяа байгалийн ухааны хичээлүүдэд агуулгын хувьд суусан боловч хүүхдэд хэрэглээний чадвар болгох, багш нарт арга зүйн хувьд учир дутагдалтай байгааг харсан. Хичнээн сайн хөтөлбөр, агуулга байсан ч хүүхдэд мэдлэг төдий очвол үр дүнгүй тул хүүхдэд мэдлэгийг хүргэж буй багшийг чадавхижуулах нь чухал болохыг харуулсан. Хоёрдугаарт, хүүхдийн гар дээр очиж буй сурах бичгийг илүү сайжруулах шаардлагатайг харсан.

Энэ ажлын хүрээнд манай яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран өмнөх хамтын ажиллагаандаа тулгуурлан шинэ төсөл хэрэгжүүлж, иргэний нийгмийн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхлээд, ажилдаа ид ороод явж байгаа.

Монголчууд байгаль хамгаалах арвин өв уламжлалтай ард түмэн. Өвлүүлж ирсэн уламжлал дээрээ тулгуурлан байгаль дэлхийд ээлтэй ханддаг эерэг хандлага, үнэт зүйлийг хүүхэд багачуудад бий болгох нь өөрөө нийгмийн шинэ соёлыг тогтооно. Энэ соёл нь эргээд эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг харуулж чадаж байгаа нь энэхүү ТХБ-ын гол агуулга юм.

БОНХАЖЯ-тай энэ талаар хэрхэн хамтарч ажиллах вэ?

Бидний хүрж буй үр дүн, эцсийн зорилго нэг байна. Нэг зорилгод хүрэхээр хоёр талаас зүтгэж байна. БСШУЯ-ны хувьд бид хүүхэд багачуудад ТХБ-ыг албан боловсролоор дамжуулан хүргэж байна. БОНХАЖЯ-ны хувд зорилтот бүлэг нь өөр. Тэдний хувьд албан бус боловсролоор дамжуулан, иргэд, орон нутгийн байгууллагуудын оролцоотойгоор ногоон хөгжил, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд өөр өөрийн шугамаар ажиллаж байгаа. Иймээс, хоёр яамны хамтын ажиллагаа Монгол хүн бүрт ногоон хөгжлийн үзлийг төлөвшүүлэхийг зорьж байна гэсэн үг.

Танд баярлалаа.

Local news,

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт болох эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлэх “Усгал” тоглолтыг швейцарь, монгол, америк уран бүтээлчид хамтран толилуулна.

dance-project
"Усгал"- орчин үеийн бүжгэн жүжиг жендерийн хэвшмэл ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг хүүрнэнэ. © SDC

“Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 19 цагаас Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд толилуулах гэж байна.

Уг бүтээлээр, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцлыг авчрахын сацуу УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэлийг өгүүлнэ.

Монгол авьяасыг дэмжих, хүний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү төслийг Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэв.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, кино найруулагч Ш. Ихбаяр, Швейцарийн хөгжимчин Маттю Мишель болон Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл зэрэг олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулага, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, шинэлэг, онцгой бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг нь “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Мөн тус төслийн хүрээнд “Урлагтай яриа” хэлэлцүүлгийг 2015 оны 12-р сарын 17-нд зохион байгуулах ба тус хэлэлцүүлэгийн үеэр уран бүтээлчид болон хүйсийн тэгш харицаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаар мэргэжлийн хүмүүс ярилцана.