“Охидийн өдөрлөг” Монголд анх удаа

Local news, 17.03.2015

Дэлхийн олон оронд тогтмол зохион явагддаг охидод техник мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Охидын өдөрлөг” Монгол улсад анх удаа 2015 оны хоёрдугаар сард залуучуудын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх зорилготой төслийн хүрээнд зохион байгуулагдсан.

girls-day
Монголын анхны "Охидын өдөрлөг“-т оролцогч тэгш устай ажиллаж байна © GIZ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ уул уурхай, зам тээвэр зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт эмэгтэй хүн ажиллах нь төдийлөн тохиромжгүй гэдэг олон нийтийн ерөнхий ойлголтыг эвдэж, Монголын мэргэжлийн боловсролын салбарт шинэ хандлага тогтоосон үйл явдал боллоо.

Хүнд үйлдвэрлэлийн зарим салбарт, ялангуяа инженер, аюулгүй ажиллагаа зэрэг мэргэжилд эмэгтэйчүүдийг ажиллуулах сонирхол нэмэгдэж буйг Төв Азза ХХК-ны Хүний нөөцийн менежер Г. Алтантуяа хэлснийг UB Post сонины мэдээнд онцолжээ. Тэрээр “Эмэгтэйчүүд нэгэнт энэ мэргэжлийн сонгосон бол хариуцлагатай, амжилттай ажиллаж чаддаг” гэжээ.

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ц. Нямсүрэн мэргэжлийн боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломж бололцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай ярьсныг мөн дээрх нийтлэлд дурьдсан байна.

Энэхүү өдөрлөгт нийт 80 гаруй охид оролцож, Монголын мэргэжлийн боловсрол сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, техникийн ажилтны мэргэжлийн онцлог болон энэ салбарт ажиллах боломжуудтай танилцсан юм.

Тэд мөн өөрсдийн ур чадварыг практик ажилд сорьж мэргэжлийн багш нарын удирдлаган доор мужаан, өрөг, будаг, цахилгаан, геодезийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Уг өдөрлөгт уул уурхай, барилга, хөнгөн хүнс, нийтийн үйлчилгээ, худалдаа аж үйлдвэрийн чиглэлийн 15 компани, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Ийнхүү Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл нь Техник технологийн дээд сургуультай хамтран Монгол улсад анх удаа охидын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Төслөөс бусад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран 2015 онд хэд хэдэн өдөрлөг зохион байгуулах бөгөөд цаашид энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбар дахь шинэчлэлийг дэмжсэн энэхүү төсөл нь Герман, Швейцарь, Австраль улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй хэрэгжиж байна.

Local news, 16.02.2015

2012 онд батлагдсан Монгол дахь Швейцарийн хамтын ажиллагааны 2013-2016 оны стратеги (ШХАС) эдийн засгийн их өсөлтийн үе, ардчилсан институтүүдийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах улс төрийн хүсэл эрмэлзэл бүхий орчин нөхцөлд тулгуурласан байлаа. Гэвч тэр үеэс хойш эдийн засгийн нөхцөл байдал муудаж, нийгэм дэх тэгш бус байдал нэмэгдсэн гэж үздэг. Иймээс ШХА энэхүү стратегиа эргэн харж үнэлэлт дүгнэлт хийлээ.

Уг ажлын  үр дүнгийн талаар энэхүү үнэлгээг хийсэн ШХА-ийн Зүүн Азийн хэлтсийн дарга Денис Луэтитэй “Onsite Insights” ярилцлаа.

Denise-Luethi
ШХА-ийн Зүүн Азийн хэлтсийн дарга Денис Луети © SDC Ulaanbaatar

Улс орны нөхцөл байдал өөрчлөгдсөн нөхцөлд Монгол дахь ШХА-ийн төсөл хөтөлбөрүүдийг дүгнэлээ. Бид зөв зүйлийг зөв цагтаа, зөв газраа хийж чадаж байна уу? Төсөл хөтөлбөрүүд Монгол улсын Засгийн газрын хөгжлийн бодлогуудад нийцэж байна уу?

Юуны өмнө нийгэм, эдийн засаг, улс төрийн орчин нөхцөл түргэн өөрчлөгдөж байгаа үед энэхүү үнэлгээг хийсэн нь сайн хэрэг боллоо. Бид үйл ажиллагаагаа эргэн харж, зөв зүйлийг, зөв газраа, зөв түншүүдтэй хийж байгаа эсэхээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай байлаа. Бид хамтран ажиллагч түншүүдээ энэ үнэлгээнд урьж оролцуулсан. Хэдийгээр манай төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцож, хэрэгжүүлж байгаа ч тэд ШХА-ийн хувьд гадныхан бөгөөд аливааг биднээс өөр өнцгөөс харах тул тэдний санаа бодол, зөвлөмжийг сонсох нь чухал байв. Энэ үүднээсээ хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан уулзалт семинар маань маш үр өгөөжтэй байж, бодож тунгаавал зохих олон зүйлийг бидэнд өглөө.  

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хувьд бид Монгол Улсын хөгжлийн бодлогуудад сайтар нийцэж байгаа юм байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Шинэ Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй ч үйл ажиллагаагаа илүү уялдуулж харах шаардлагатай байна. Бид саяхан Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд зэрэг зарим сайд нартай уулзаж ярилцлаа. Тэдэнтэй ярилцаж байхад ШХА нь Монгол улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг онцолж байлаа.

Энэхүү үнэлгээний эцэст хоёр үндсэн дүгнэлт гарлаа: (1) бид хөтөлбөрөө Монгол Улсын Засгийн газрын бодлоготой сайтар уялдуулж, ардчилсан, чинээлэг нийгмийг бүтээх үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байна; (2) Ядуурлыг бууруулах чиглэлээрх ажлаа  хүн амын хамгийн эмзэг ядуу давхаргад илүү анхаарахад чиглүүлнэ. Түүнчлэн семинарын үеэр ШХА-ийн үйл ажиллагааны гол зорилго болох Монгол дахь ядуурал, эмзэг, тэгш бус байдлыг бууруулахтай холбоотой асуулт байнга хөндөгдлөө.

Үнэлгээ хийсний дараа ШХАС-д ямар өөрчлөлт, нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ? ШХА цаашид юунд гол анхаарлаа хандуулах вэ?

Бид Монгол дахь хамтын ажиллагааны шинэ стратегиа боловсруулж, өргөн барихад хоёр жил үлдээд байна. Үнэлгээний үр дүн, дүгнэлтүүдээс үзэхэд одоогийн стратегидаа тодорхой өөрчлөлтүүд хийхийг шаардаж байна. Хөтөлбөрийнхөө үр дүнг илүү нэмэгдүүлэхийн тулд төслүүдээ хооронд нь холбож харилцан уялдуулах нь чухал гэж үзэж байна. Энэ нь олон жижиг төсөл хэрэгжүүлэх биш, илүү үр дүнтэй цөөн төслүүдэд голлон анхаарах болов уу гэж бодож байна.

Төслийн үр шимийг хүртэгсэдийг зах зээлтэй холбох тал дээр илүү анхаарах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн. Бид хүмүүст мэргэжлийн боловсрол, ур чадвар эзэмшиж илүү ихийг хийж бүтээхэд нь тусалж байна. Эдгээр ур чадвараа ашиглан зах зээлд нэвтэрч, ашиг орлогоо нэмэгдүүлж байж манай төсөлд хамтрагдагсдын ахуй амьдрал дээшилж, нэр төртэй сайн сайхан амьдарч, улмаар манай төсөл хөтөлбөрүүд ч илүү бодитой үр дүнд хүрэх болно.

Гурав дахь дүгнэлт маань ядууралтай холбоотой. Энэхүү өргөн хүрээтэй, олон талт асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол дахь ядуурал, эмзэг байдал гэж яг юу гэсэн үг болохыг зөв ойлгох шаардлагатай. Бидний эцсийн зорилтот бүлэг болох ядууст илүү сайн хүрч ажиллахын тулд энэхүү социологийн асуудалд илүү анхаарах шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн.

ШХА хөдөөгийн хөгжилд, нэн ялангуяа Монгол орны баруун бүсэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Үйл ажиллагаагаа төвлөрлүүлж буй газар зүйн бүсийн тухай асуулт энэхүү үнэлгээний явцад хөндөгдсөн. Бид цаашид хот суурин газрын хөгжлийн асуудлуудад анхаарлаа хандуулах уу? Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болж өөрчлөгдөх үү?

Хөдөө, орон нутагт явуулж буй үйл ажиллагаа маань нүдээ олсон байна гэж дүгнэсэн. Тэнд хүн ам цөөтэй ч дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байна. Бид энэ чиглэлээ хэвээр хадгалж аль хэдийн бааз суурь нь тогтож, үр дүн сайтай байгаа хөдөө орон нутаг дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Орон нутагт хэрэгжүүлсэн зарим ололт амжилтууд хот суурин газар ч мөн тохирох бөгөөд эдгээр туршлагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломж их байна гэж бид үзэж байна.

Миний бодлоор Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөн, өргөжин тэлэлтийн асар том сорилттой тулгарч байна. Энэ бол өсч хөгжиж буй хотын захиргааныхны хувьд маш том ажил. ШХА нь Улаанбаатар хотын гэр хороололд хэд хэдэн жижиг төсөл хэрэгжүүлж байгаа. Цаашдаа хот суурин газруудад чиглэж ажиллахад анхаарна. Ялангуяа туршлага ихээр хуримтлуулсан төслүүдээ хуулбарлан хэрэгжүүлж ч болох юм. Тухайлбал, удахгүй хэрэгжиж эхлэх Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах төслийн  (ЗДТСТ) хоёрдугаар үе шатыг хэлж болно. ЗДТС төслийн үндсэн үзэл санаанд хот хөдөөгийн ялгаа байхгүй, хаана ч хэрэгжүүлж болно. Иймээс энэ үзэл баримтлалыг хотын орчинд хэрэгжүүлнэ.

Та Монгол Улсын Засгийн газрын хэд хэдэн сайдтай уулзлаа. ШХА-ийн Монгол дахь хөтөлбөрүүдийн талаар тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Монголчууд биднийг маш халуун дотноор хүлээж авсан. ШХА Монголд арав гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж ирлээ. Бидний хамтны ажиллагааны залгамж холбоо маш чухал. Шинэ Засгийн газар ч Швейцарь улстай найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Миний уулзсан Засгийн газрын гишүүд Монгол Улсын хөгжилд ШХА ямар хувь нэмэр оруулж байгаа талаар сайн мэдэж байлаа.

Ярилцлагынхаа төгсгөлд та Монгол орон, монголчуудын талаар төрсөн сэтгэгдлээ хуваалцах уу?

Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаад хүйтний улирал таарч, энэ орны талаар илүү сайн мэдэх боллоо. Өвөл ирснээр хүйтнийг мэдэрч, түүнийг дагалдсан асуудлуудыг ч ойлгож авлаа. Ялангуяа хөдөөгийн хүмүүст ямар хүнд хэцүү байж болохыг би төсөөлж байна. Хотын хувьд агаарын бохирдол гэж нэг том асуудал үүсч эрүүл мэндийн хувьд тулгамдсан асуудал болжээ.

Монголд ирэх болгондоо маш тааламжтай хүлээн авч байгааг мэдэрдэг. Хүмүүс нь нөхөрсөг, зочломтгой, бас маш даруу. Хэдийгээр даруу, үг дуу цөөтэй мэт санагдавч тэдэнтэй харилцахад төвөггүй байдаг. Миний хувьд Монголчуудтай сэтгэл зүрхээрээ холбоотой болсон мэт сэтгэгдэл төрлөө. Мөн ШХА-ын амжилттай хэрэгжсэн төслүүдийн ард хичээл зүтгэлтэй, шаргуу хамт олон, монгол мэргэжилтнүүд байгаа. Тэдэнд би ажлын өндөр амжилт хүсч байна.