“Охидийн өдөрлөг” Монголд анх удаа

Local news, 17.03.2015

Дэлхийн олон оронд тогтмол зохион явагддаг охидод техник мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Охидын өдөрлөг” Монгол улсад анх удаа 2015 оны хоёрдугаар сард залуучуудын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх зорилготой төслийн хүрээнд зохион байгуулагдсан.

girls-day
Монголын анхны "Охидын өдөрлөг“-т оролцогч тэгш устай ажиллаж байна © GIZ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ уул уурхай, зам тээвэр зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт эмэгтэй хүн ажиллах нь төдийлөн тохиромжгүй гэдэг олон нийтийн ерөнхий ойлголтыг эвдэж, Монголын мэргэжлийн боловсролын салбарт шинэ хандлага тогтоосон үйл явдал боллоо.

Хүнд үйлдвэрлэлийн зарим салбарт, ялангуяа инженер, аюулгүй ажиллагаа зэрэг мэргэжилд эмэгтэйчүүдийг ажиллуулах сонирхол нэмэгдэж буйг Төв Азза ХХК-ны Хүний нөөцийн менежер Г. Алтантуяа хэлснийг UB Post сонины мэдээнд онцолжээ. Тэрээр “Эмэгтэйчүүд нэгэнт энэ мэргэжлийн сонгосон бол хариуцлагатай, амжилттай ажиллаж чаддаг” гэжээ.

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ц. Нямсүрэн мэргэжлийн боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломж бололцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай ярьсныг мөн дээрх нийтлэлд дурьдсан байна.

Энэхүү өдөрлөгт нийт 80 гаруй охид оролцож, Монголын мэргэжлийн боловсрол сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, техникийн ажилтны мэргэжлийн онцлог болон энэ салбарт ажиллах боломжуудтай танилцсан юм.

Тэд мөн өөрсдийн ур чадварыг практик ажилд сорьж мэргэжлийн багш нарын удирдлаган доор мужаан, өрөг, будаг, цахилгаан, геодезийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Уг өдөрлөгт уул уурхай, барилга, хөнгөн хүнс, нийтийн үйлчилгээ, худалдаа аж үйлдвэрийн чиглэлийн 15 компани, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Ийнхүү Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл нь Техник технологийн дээд сургуультай хамтран Монгол улсад анх удаа охидын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Төслөөс бусад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран 2015 онд хэд хэдэн өдөрлөг зохион байгуулах бөгөөд цаашид энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбар дахь шинэчлэлийг дэмжсэн энэхүү төсөл нь Герман, Швейцарь, Австраль улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй хэрэгжиж байна.

Local news, 24.08.2015

Монголын залуу уран бүтээлчдийн “Алтан хальс” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авангард кино наадам энэ жил хүрээгээ тэлэн өргөжиж, олон улсын хэмжээний арга хэмжээ боллоо.

film-festival
Кино наадмын нээлтийн ажиллагаанд уран бүтээлээ толилуулсан Ж. Анунарангийн үзүүлбэр © sdc

2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.

Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.

Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.

Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.

2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.

Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.