“Монгол Сарлаг” фестиваль аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт орлоо


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 01.08.2018

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн таван жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж ирсэн “Монгол Сарлаг” фестиваль үндэсний аялал жуулчлалын хөтөлбөрт 2019 оноос эхлэн орохоор боллоо. 

Хөвсгөл аймгийн Сарлагийн фестиваль
Хөвсгөл аймгийн Сарлагийн фестиваль ©ШХА

Фестивалийг сарлагийн түүхий эд, бүтээгдэхүүнийг сурталчлах, нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор эхлүүлсэн юм. “Монгол Сарлаг” фестивалийг жил бүр сарлагийн сүрэг олонтой аймгууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. “Монгол Сарлаг-2018” фестивалийг Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, сарлагийн түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд, Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын төслүүд, аймгийн удирдлага хамтран 7 сарын 22-23 онд зохион байгуулсан юм.

Жил бүрийн фестивалийн сэдвийг тухайн аймаг өөрийн онцлогт тохируулан сонгодог. 2018 онд Хөвсгөл аймаг “Монгол Сарлаг” фестивалийг “Сарлагийн баяр” сэдвийн дор гадаадын 300 гаруй, дотоодын 4500 гаруй жуулчдад аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд сарлагийн поло, сарлагийн хөөврийн байгалийн өнгийг сурталчилсан “төрөл бүрийн зүсний сарлаг” парад, нутгийн ардын дуу, бүжгийн тоглолт, малчдын мал маллагааны уламжлалт багаж хэрэгсэл, сарлагийн бүтээгдэхүүнээр хийсэн төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд байлаа. Энэ үеэр бүтээгдэхүүнээ сурталчилсан малчид, нутгийн аж ахуйн нэгжүүд 25 сая орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Ногоон алт малын эрүүл мэнд төслийн уламжлалыг үргэлжлүүлэн фестивалийн үеэр сарлагийн малчид, үндэсний үйлдвэрүүд 2018 оны ноос бэлтгэлийн ажлаа дүгнэн, дараа жилийн ажлаа төлөвлөх уулзалтууд зохион байгуулсан юм. Энэ жилийн тухайд сарлагийн хөөврийн бэлтгэл 2017 оны 60 тонноос 110 тонн хүрч нэмэгдсэн байна. Сарлагийн хөөврийн үнэ өнгөрсөн онд 12,000 төгрөг байсан бол 2018 онд дунджаар 25000 төгрөг болж өсжээ. Малчдын бэлчээр ашиглалтын хэсэг, хоршоодоор дамжуулан түүхий эдээ бэлтгэх сонирхолтой компаниудын тоо нэмэгдэж, олон жилийн хамтын ажиллагаандаа суурилан түүхий эд бэлтгэлийн урьдчилсан гэрээ байгуулж, малчдын хамгийн их бэлэн мөнгөний дутагдалтай байдаг өвлийн улирлын дунд үеэр урьдчилгаа төлбөр хийж болох талаар хэлэлцсэн юм. Фестивалийн үеэр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн бэлтгэлийн чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, түүхий эдийн чанар эцсийн бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой хэлбэрээр үзүүлэн, таниулах материал ашиглан сургалт явуулсан нь малчдын сэтгэлд ихэд нийцлээ. Энэ жилийн фестивальд ноос ноолуурын үйлдвэрүүдээс гадна мах, арьс ширний үйлдвэрүүд оролцож малчид, БАХ, хоршоод луу чиглэсэн олон арга хэмжээг ивээн тэтгэсэн нь сайшаалтай байлаа.