Монгол Улсын Засгийн газар төвлөрлийг сааруулах шинэчлэл, ардчиллын туршлагаас хуваалцаж байгаадаа бахархаж байна


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 22.07.2023

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Тажикистан Улсын Засгийн газрын төлөөлөгчид  2023 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад хэрэгжсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн туршлагаас судлахаар Монгол Улсад айлчлав. 

Камбож, Лаос болон Тажикистаны төлөөлөгчид
Камбож, Лаос болон Тажикистаны төлөөлөгчид ©ШХА

SШвейцарын хөгжлийн агентлаг нь 2012 оноос хойш “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг сайжруулах шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг дэмжиж ирсэн.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улс өөрийн туршлагаа хуваалцахаас гадна Камбож, Лаос, Тажикистан улсын Засгийн газрын төлөөлөгчдийн төвлөрлийг сааруулах шинэчлэлийн талаар сайн туршлага, сургамж солилцох сүлжээг бий болгох явдал юм.

Швейцарын хөгжлийн агентлаг 2021 онд Лаос, 2022 онд Камбож, 2023 онд Тажикистан улсад засаглалын төвлөрлийг сааруулах, цахим засаглалыг сайжруулах, дэмжих чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөлтэй үр дүнтэй уулзалт, ярилцлага өрнүүлэв.

Эдгээр улсын Засгийн газрын төлөөлөгчид төвлөрлийг сааруулах шинэчлэлийн талаар сургамжаас суралцаж, сайн туршлага солилцохдоо 1) чиг үүргийн хуваарилалт, төсвийн төвлөрлийг сааруулах, 2) хүний нөөцийг чадавхжуулах, 3) засаглалын үйл явцыг цахимжуулах (иргэдийн оролцоо, түүнчлэн цахим үйлчилгээ үзүүлэх) асуудалд түлхүү анхаарав. Түүнчлэн, энэ удаагийн айлчлал нь бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг идэвхжүүлж, ирээдүйд тодорхой чиглэлээр туршлага солилцох боломжийг олгох юм.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн Камбож, Лаос, Тажикистан улсын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар засаглалаа сайжруулснаар улс орны өмнө дэвшүүлсэн том зорилтод хүрэх боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Ингэснээр эрх зүйн зохицуулалтыг системтэй болж төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх баталгаатай үндэслэлийг бий болгосон юм. Мөн Засгийн газрын чиг үүргийн давхцлыг арилгах зорилгоор Чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Засгийн газар чиг үүргийн давхцлыг бууруулж, орон нутгийн засаг захиргааг чадавхжуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй болгож, иргэдийн дуу хоолойг сонсох боломжтой болно.

Төлөөлөгчид чиг үүргийн дахин хуваарилалт, Орон нутгийн хөгжлийн сангийн, үйл явц, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төв, НЗДТГ-ын харьяа Хүний нөөцийн хөгжлийн төвд зочиллоо. Төлөөлөгчид нийслэлийн төсвийн хуваарилалт, цахим шилжилтийн үр дүн, иргэдийн оролцооны талаар мөн сонирхсон юм.

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал Монгол Улсын цахим засаглалын туршлагаас хуваалцлаа. Төрийн албан хаагчдын шат дамжлагыг бууруулах, цаасгүй төрийн үйлчилгээг бий болгоход чиглэсэн холбогдох хууль тогтоомж амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 1072 төрлийн төрийн үйлчилгээг “E-Mongolia” аппликэйшнээр дамжуулан цахим хэлбэрээр хүргэж байна. Монгол Улсын Засгийн газар мэдээллийг ил тод мэдээлдэг glassgov.mn сайтыг олон нийтэд нээлттэй болгох, биг дата ашиглан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийг энэ боломжоор хангах замаар энэ салбарт ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна. Энэхүү машинд уншигдах өгөгдлийг ашиглан Засгийн газрын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, улмаар бүтээмжийг дээшлүүлэх боломжийг олгож байна.

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүн, ялангуяа, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч байгаатай танилцсан нь төлөөлөгчдөд урам зориг өгсөн юм. Үр дүнгийн нэг л бодит, тодорхой жишээг дурдахад, өмнө нь иргэд иргэний үнэмлэхээ авахын тулд харьяа дүүргийнхээ төрийн үйлчилгээний төв рүү очдог байсан бол төсөл хэрэгжсэнээр иргэд хорооноос иргэний үнэмлэхээ авах боломжтой болсон байна.

Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Засаглалыг бэхжүүлэх нь хэрэгжээд дуусдаг үйл явц биш, харин тасралтгүй үргэлжлэх аян зам гэдгийг онцолж байлаа. Хүрсэн ахиц, амжилтаа сайжруулахын төлөө хичээж зүтгэх нь чухал. Нийслэлээс төсөв мөнгө дутлаа гээд төслийн хүрээнд хийгдсэн ажил, хүрсэн үр дүн зогсвол эргээд гарааны нөхцөл рүүгээ ухарч очих үнэхээр амархан. Иймд хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг (ЗДТСХ) хамтран хэрэгжүүлсэн байгууллагууд өөрсдийн төслийн үр дүнг нэгтгэж, шаардлагатай төсвийг баталгаажуулж, үр дүнгийн тогтвортой байдлыг хангаж цааш үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлагатай юм.

Монгол, Камбож, БНАЛАУ-д Швейцар Улс сүүлийн 10 жилийн хугацаанд төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний нягтшилыг бууруулах шинэчлэлд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. ШХА нь Камбож Улсад 2022 онд Германы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын хамтран хэрэгжүүлэх төвлөрлийг сааруулах урт хугацааны шинэ төслийг эхлүүлж, 2021 оноос хойш Лаос Улсад орон нутгийн хөгжил, засаглалын төслийг хамтран санхүүжүүлж байгаа бол 2024 оны эцэс гэхэд Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа зогсоохоор болсон юм. Харин Тажикистан Улс дахь ШХА нь 2023 онд цахим засаглалыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр том төслийг эхлүүлэх гэж байна. Уг төслийг Дэлхийн банк хэрэгжүүлж, IDS байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллана. Одоогоор төслийн гэрээг батлуулах үе шатанд байгаа тул Тажикистаны Засгийн газрыг энэ шатанд оролцуулалгүйгээр бусад туршлагаас суралцах/ санаа авч хэрэгжүүлэх оновчтой цаг юм. Эдгээр 4 улс төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлж буй бөгөөд ижил төстэй сорилтуудтай тулгарч байгаа тул Камбож, Лаос болон Тажикистаны төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалаар харилцан туршлага солилцож, Монголын сайн туршлагыг бататган, суралцах явдлыг дэмжсэн юм. 

Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй