2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.
Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.
Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.
Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.
Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.
2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.
Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.