“Алтан хальс” Олон улсын авангард кино наадам

Local news, 24.08.2015

Монголын залуу уран бүтээлчдийн “Алтан хальс” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авангард кино наадам энэ жил хүрээгээ тэлэн өргөжиж, олон улсын хэмжээний арга хэмжээ боллоо.

film-festival
Кино наадмын нээлтийн ажиллагаанд уран бүтээлээ толилуулсан Ж. Анунарангийн үзүүлбэр © sdc

2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.

Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.

Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.

Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.

2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.

Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.

Press releases, 11.11.2015

Улаанбаатар хот. — Өнөөдөр Дэлхийн Банк ба Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Монгол улсад нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх нийт гурван сая ам.долларын төсөвтэй шинэ хөтөлбөрийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр эхлүүлж байна.

social-accountability
Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк хамтран Монгол улсад нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр шинэ төсөл хэрэгжүүлнэ.

Монгол улсад Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх  (МУНХБ) хөтөлбөр нь ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, иргэд  тулгамдсан асуудал, санал бодлоо илэрхийлж төрийн үйл хэрэгт тусгуулах боломжийг дээшлүүлэхэд чиглэнэ.

Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын иргэд болон төрийн байгууллагын хамтран нийгмийн хариуцлагыг сайжруулахад чиглэсэн олон жилийн хүчин чармайлт, туршилтын үр дүнгийн үргэлжлэл бөгөөд төсвийн ил тод байдлын талаарх эрх зүйн шинэчлэл болох Шилэн Дансны тухай хуулийн хэрэгжилтэд ихээхэн чухал болно” гэжээ.

Мөн “МУНХБ хөтөлбөрийн хүрээнд бүх түвшинд нийгмийн хариуцлагыг  институтчилэн бодлого болон үйл ажиллагаанд тусгахад тус нэмэр үзүүлэх болно” гэж хэллээ.

МУНХБ хөтөлбөр нь орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран бодит үр дүн, тогтвортой байдалд онцгой анхааран ажиллана.

“Төрийн албан хаагчдын хариуцан тайлагналтыг дээшлүүлэх, авлигыг бууруулах болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэний нийгмийн байгууллага, иргэд чухал үүрэгтэй ба уг хөтөлбөрийн хэрэгжилт нь иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудад өөрсдийн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел хэллээ.

МУНХБ хөтөлбөр манай улсын 10 аймаг, нийслэлийн дүүрэгт хэрэгжих болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нийт иргэд, тэр дундаа ядуу, эмзэг бүлгийн иргэд нийгмийн хариуцлагын үйл явцад оролцон өөрсдийн чадавхийг нэмэгдүүлснээр төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, тухайн орон нутгийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулна.

Төсөлд хамрагдах аймаг, дүүргүүдийг ядуурлын түвшин, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний үр дүн, хүртээмж болон орон нутгийн төрийн байгууллагын оролцох хүсэл зэргийг харгалзан сонгоно. 

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагын арга хэмжээг үндэсний хэмжээний бодлогын түвшинд албан ёсоор тусган хэлбэржүүлэхэд Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамтай түншлэн хэрэгжүүлнэ.

Холбоо барих хаяг:                      

Тина Пунцаг + (976) 7007-8207, tpuntsag@worldbank.org

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.worldbank.org/mongolia  

Д. Соёлмаа + (976) 11- 341422, soyolmaa.dolgor@eda.admin.ch

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.eda.admin.ch/mongolia