“Алтан хальс” Олон улсын авангард кино наадам

Local news, 24.08.2015

Монголын залуу уран бүтээлчдийн “Алтан хальс” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авангард кино наадам энэ жил хүрээгээ тэлэн өргөжиж, олон улсын хэмжээний арга хэмжээ боллоо.

film-festival
Кино наадмын нээлтийн ажиллагаанд уран бүтээлээ толилуулсан Ж. Анунарангийн үзүүлбэр © sdc

2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.

Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.

Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.

Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.

2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.

Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.

Local news, 30.11.2015

Ховд -- Ховд аймаг дахь Залуучуудын хөгжлийн төв хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд залуус бужигнасан их айл болжээ. Энд залуус найз нөхөдтэйгээ уулзаж нөхөрлөх, тус төвөөс зохиож буй хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцохоос гадна үнэ төлбөргүй интернет үйлчилгээ, комьпютер ашиглахаар ирдэг. Бас нэг хэсэг нь зөвлөгөө, дэмжлэг авахаар ч ирдэг аж.

youth-development
Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн төв © SDC Mongolia

Залуучуудын хөгжлийн төв (ЗХТ) байгуулагдсанаас хойш би ангийнхантайгаа  болон найзуудтайгаа энд цугларч уулздаг болсон. Манай сургуультай ойрхон болохоор чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тохиромжтой байдаг гэж тус төвийн идэвхтэн гишүүн Л. Мөнхцоож хэллээ. “Энд ажилладаг ах эгч нар эелдэг, байнга найрсаг угтдаг болохоор бид энд ирэх их дуртай” гэв.

Өнөөдрийн байдлаар Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд нийт 15 төв байгуулагдаж, Монгол залуу хүн бүр нөөц боломжоо нээж, хөгжлийн өндөрлөгт хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Эдгээр төв нь янз бүрийн хүсэл сонирхол, хэрэгцээтэй залуучуудад амьдрах ухааны чадвараа дээшлүүлэх сургалт, эрүүл мэнд болон нөхөн үржихүйн талаар зөвлөгөө өгдөг.

“Манай төвд залуучуудын сонирхол дээр тулгуурласан олон төрлийн клуб ажиллаж байна. Тухайлбал, гэрэл зураг сонирхогчдын, номонд дурлагсдын,  урлаг, загвар сонирхогч охидын клуб гээд олон клубууд бий” гэж Ховд аймгийн ЗХТ-ийн зохицуулагч Энхбаяр ярьлаа.

ЗХТ нь залуучуудад амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, найз нөхөдтэй болоход нь ээлтэй, аюулгүй орчин юм. Уг төвүүд амьдрах ухааны болон бусад сургалт хөтөлбөрөөрөө эмзэг бүлгийн залууст хүрч ажиллахыг эрмэлзэж байна.

“Манайх үйлчлүүлэгчиддээ олон талт цогц үйчилгээ үзүүлэхийг зорьж байгаа. Хорих ангид ял эдэлж буй залуус болон эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт эмзэг бүлгийн залуучуудад чиглэсэн дэмжих бүлгүүд бас ажилладаг” гэж Ховд аймгийн ЗХТ-ийн нийгмийн ажилтан С. Хишигтогтох хэлэв.

“Бид гэр бүлийн бүх гишүүдэд хүрч ажиллахыг хичээж байна. Залуучууд болон залуу гэр бүлүүдэд зөвлөгөө өгч, хүүхдүүдээ хичээл сургуульд хамруулахад нь тусалж дэмжих, мөн эрүүл мэнд, амьжиргааг нь сайжруулахад холбогдох төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтарч ажиллаж байна” гэж Хишигтогтох ярьлаа.

Автомеханикч О. Баттөр эхнэр Цэцэгжаргал, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэд Ховд аймгийн ЗХТ-өөс үзүүлж буй цогц үйлчилгээний ашиг тусыг хүртээд байгаа гэр бүл юм.  Тэд амьдрах ухаан, гэр бүлийн харилцааны талаархи сургалтанд хамрагдсан бөгөөд өмнө нь ийм төрлийн сургалтанд огт хамрагдаж байгаагүй учраас тэдний хувьд энэ бүхэн их шинэлэг, хэрэгтэй мэдээлэл байсан аж. “Гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх талаар зөндөө л юм сурлаа. Над шиг машин техник засахаас өөр юм мэдэхгүй хүнд сонирхолтой сургалт байсан” хэмээн О. Баттөр сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний эхнэр Цэцэгжаргал мөн тус төвөөс зохион байгуулсан мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагдаж,  цэцэрлэгийн мэргэшсэн туслах багшийн үнэмлэхтэй болсон. Хэдийгээр төвөөс алслагдсан газар ажил олоход хэцүү ч Цэцэгжаргал ирээдүйнхээ талаар тун өөдрөг байгаа билээ.

“Би одоо сайн сайхныг мөрөөдөж эхэлсэн. Хүүхдүүдээ сургуульд нь явуулж, сайн боловсролтой болгоно гэж бодож байгаа. Гэр орноо халуун дулаан байлгаж, сайхан амьдрахыг л хүсч байна” хэмээн ярьлаа.

youth-development
Khishigtogtokh, (left) a social worker at the Khovd YDC visits Battur's family. © SDC Mongolia

Залуучуудын хөгжлийн төсөл

Залуучуудын амьдралд нааштай нөлөө үзүүлж буй энэхүү төвүүд нь Монгол, Швейцарь, Люксембургийн Засгийн газраас хамтран санхүүжүүлж буй НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн төслийн нэгэн чухал хэсэг юм.

Уг төсөл нь залууст амьдрах ухаан, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгохыг зорьж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийг зогсоох, жендерийн тэгш байдлыг бий болгоход олон нийтийн анхаарлыг хандуулах, зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажиллагаагаар залуусын эмзэг өртөмхий байдлыг өөрчлөх нь тус төслийн бас нэгэн зорилт юм.

Монгол залуусыг өөрсдийн нөөц боломжийг нээж, тэдний хөгжилд эерэг бодит нөлөө үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төсөл ихээхэн санаачлага гарган ажиллаж байна.