Усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй бол Улаанбаатарын гэр хорооллынхний тулгамдсан асуудал

Local news, 08.09.2015

Монгол улсын гурван сая хүн амын бараг тэн хагас нь нийслэл хотод амьдарч байгаагаас дийлэнх нь хүн ам нягт суурьшсан, төвлөрсөн үйлчилгээ, дэд бүтэц муутай гэр хороололд оршин сууж байна. Иймд, цэвэр усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, орчны бохирдол зэрэг гэр хорооллын иргэдэд тулгарч буй том асуудал юм.

ulaanbaatar-ger-district
Худгаас усаа зөөж буй хүүхэд. © D. Davaanyam

Тэд ундны усаа зөвхөн нийтийн худгаас зөөдөг. Үүний үр дүнд гэр хороололд оршин суугчдын цэвэр усны хэрэглээ нэг хүнд өдөрт 4-10 литр байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон олон улсын стандартаас нилээд доогуур үзүүлэлт.

Гэр хорооллын иргэдийн ерэн таван хувь нь энгийн нүхэн жорлон хэрэглэж байгаагаас орчны хөрс, усны нөөц, эрүүл ахуйг ихээр бохирдуулж байна.

Нүхэн жорлон хэрэглэдэг, усны хязгаарлагдмал хэрэглээтэй, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшээгүй зэрэг нь нийтийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Иймд, Улаанбаатарын гэр хорооллын усан хангамж, бохирын систем, эрүүл ахуй ариун цэврийн практикийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт Эй Си Эф Монгол байгууллагаас дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжиж, санхүүжүүллээ.

Гэр хорооллын дэд бүтцийн асуудал нь нэг удаагийн төслөөр бүрэн шийдвэрлэх боломжгүй хэдий ч 2015 он хүртэл хэрэгжсэн дээрх төсөл иргэдийн ариун цэвэр эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Төслийн үр дүнгээс: 

Төсөлд хамрагдсан нийт 14 сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөнүүдийг засварлаж, сайжруулснаар нийт 20,000 гаруй хүүхэд эрүүл ахуйд нийцсэн цэвэр цэмцгэр ариун цэврийн өрөөтэй боллоо.

Сургуулийн сурагчдын дунд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв зохистой дадал зуршлыг  таниулан сурталчилсны дүнд сургуулийн насны хүүхдүүдийн А гепатит, цусан суулга зэрэг өвчнөөр өвчлөлт огцом буурсан байна. Тухайлбал, төсөл хэрэгжсэн сургуулиудад 2012 онд халдварт шар өвчнөөр 121 хүүхэд өвчилж байсан бол 2014 онд энэ тоо 3 хүртэл буурсан болохыг ҮСГ мэдээлсэн байна. Энэ үр дүнд хүргэсэн гол хүчин зүйл бол хүүхдүүдэд гар угаах зөв дадлыг зааж сургасан явдал байв.

Мөн эрүүл ахуйн зөв зохистой дадал зуршлын тухай гарын авлага бэлтгэж өргөнөөр түгээсэн нь хүүхэд залууст эрүүл ахуйн цогц боловсрол олгох цорын ганц иж бүрэн хэрэгсэлд тооцогдох болжээ. Улмаар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас эрүүл ахуйн боловсрол олгох гарын авлага гэж албан ёсоор баталгаажуулсан.

“Хүүхдүүдэд ариун цэврийн зөв дадал зуршил суулгах нь ирээдүйд эрүүл саруул хойч үеэ бэлтгэхэд оруулж буй хөрөнгө оруулалт юм” гэж ACF байгууллагын төслийн менежер П. Ариунаа онцоллоо.

Тус төслөөс гэр хорооллын ус түгээх дөрвөн цэгийг шинэчлэн зохион байгуулж худаг, нийтийн халуун ус, үсчний үйлчилгээ бүхий олон талт үйлчилгээний төв болгон тохижуулсан. Ингэснээр нийтийн худаг зөвхөн ус түгээгээд зогсохгүй ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг илүү хангасан үйлчилгээ үзүүлэх боллоо. Улмаар, үйлчилгээний орлогоороо цаашид тогтвортой ажиллах боломжтойг харуулж байна.

Гэр хороололд оршин суугчид, худгийн ажилтнуудад зориулж олон төрлийн сургалт, ухуулга хийсний үр дүнд усны чанар шалгах, ус түгээх хэрэгслүүдийг сайжруулах аргад сургаснаар айл өрхийн хэрэглэж буй усны бактерийн бохирдол үлэмж буурсныг гурван шатлалтайгаар дараалан дээж авч баталгаажуулсан байна.

Цаашлаад гэр хорооллын өрхүүдийн ус зөөвөрлөдөг, хадгалдаг сав нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зориулалтын бус байдаг тул Монголд усны сав үйлдвэрлэж буй бизнес эрхлэгчдэд төслөөс дэмжлэг үзүүлсэн. Химийн бодис агуулсан, зориулалтын бус усны савыг орлох зориулалтын 20,000 савыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон.

Төслийн бас нэгэн онцлох үр дүн бол нүхэн жорлонг орлох эко жорлонг гэр хорооллын оршин суугчдад танилцуулсан явдал юм. Төсөлд хамрагдсан нийт 250 өрх эко жорлонтой болсон байна. Энэ нь хүний болон орчны эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй ариун цэвэр, эрүүл ахуйн хямд төсөр хэрэгсэл болжээ. Одоогоор уг эко жорлон нь төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, хүн амын нягт суурьшсан гэр хорооллын нөхцөлд тохирсон, орчны эрүүл ахуйд хор хөнөөлгүй цорын ганц сайжруулсан хувилбар болоод байна.

ACF байгууллагаас авч хэрэгжүүлсэн, санал болгосон олон санаачлага, бодит шийдлээс зарим нь Улаанбаатар хотын гэр хорооллын усан хангамж, эрүүл ахуйг сайжруулах талаар үндэсний бодлогод тусгагдсан байна.

Local news,

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт болох эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлэх “Усгал” тоглолтыг швейцарь, монгол, америк уран бүтээлчид хамтран толилуулна.

dance-project
"Усгал"- орчин үеийн бүжгэн жүжиг жендерийн хэвшмэл ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг хүүрнэнэ. © SDC

“Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 19 цагаас Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд толилуулах гэж байна.

Уг бүтээлээр, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцлыг авчрахын сацуу УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэлийг өгүүлнэ.

Монгол авьяасыг дэмжих, хүний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү төслийг Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэв.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, кино найруулагч Ш. Ихбаяр, Швейцарийн хөгжимчин Маттю Мишель болон Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл зэрэг олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулага, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, шинэлэг, онцгой бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг нь “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Мөн тус төслийн хүрээнд “Урлагтай яриа” хэлэлцүүлгийг 2015 оны 12-р сарын 17-нд зохион байгуулах ба тус хэлэлцүүлэгийн үеэр уран бүтээлчид болон хүйсийн тэгш харицаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаар мэргэжлийн хүмүүс ярилцана.